Үе үеийн удирдлагуудын товч намтар
Д.Ванхаан
1983-1984 онуудад Дархан хотын шинээр байгуулагдах агро цаг уурын шинжилгээний Дархан станцад дарга
Ус цаг уурын албаны ууган инженерүүдийн нэг Д.Ванхаан 1933 онд Булган аймгийн Орхон сумын нутаг, Мандал овоо гэдэг газар 1933 оны 03 дугаар сарын 01-нд Далайн хоёр дахь хүү болон төржээ. 1952 онд Булган аймгийн 10 жилийн сургууль, 1956 онд УБИС-ийг түүх, газар зүйн багш мэргэжлээр төгсжээ. 1956-1957 онд Булган аймгийн төвийн 10 жилийн сургуульд багш, 1957-1964 онд Улаанбаатар хотноо Ус цаг уурын албаны удирдах газар инженер, ХАА-н хэлтсийн дарга 1958-1959 онд ЗХУ-ын Иркутск хотноо Цаг уурын нарийн мэргэжлийн инженерийн мэргэжил дээшлүүлэх сургалтын бүрэн курсийг төгсжээ. 1964-1971 онуудад Булган аймгийн Бугат сумын Намын дарга, 1971-1983 онд Ус цаг уурын Удирдах газрын боловсон хүчний хэлтсийн дарга, мэдээлэл дүн шинжилгээний фондын эрхлэгч, 1983.11.10-нд Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газрын боловсон хүчин, захиргааны хэлтсийн дарга н.Нямжавын гарын үсэг бүхий албан томилолтоор Багаж хэмжил зүйн мэргэжилтэн Д.Ванхааныг Дархан хотын шинээр байгуулагдах агро цаг уурын шинжилгээний Дархан станцад даргаар томилж, 1983-1984 онд ажилласан. 1984-1996 онд Ус цаг уурын Удирдах газрын боловсон хүчний хэлтсийн дарга, мэдээлэл дүн шинжилгээний фондын эрхлэгч ажил албыг хашиж байсан.
Д.Ванхаан УЦУ-ын албанд анх бэлтгэгдсэн нарийн мэргэжилийн инженер, техникийн ажилтан бөгөөд Монгол орны эрс тэс уур амьсгалын онцлогийг судлах, уур амьсгалын олон жилийн материал цуглуулахын тулд ихээхэн анхаарал хандуулж улсын хэмжээнд өргөтгөн байгуулж байсан ус цаг уурын судалгаа шинжилгээний ажилд биечлэн оролцож, тэр дундаа 200 гаруй ХАА-н цаг уурын станцыг байгуулах ажилд биечлэн оролцож Монгол улсад ус, цаг уурын албыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтан юм.
Тэрээр улсад 40 жил тасралтгүй ажилласан бөгөөд түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Жуух бичиг, Ардын Хувьсгалын ойн медалиудаар шагнаж, Ус цаг уурын тэргүүний ажилтан цол тэмдгээр урамшуулан шагнаж байсан.